Friday, August 26, 2016

Автобусыг микро, микрог юу орлох вэ?



Нийтийн тээвэр 07:00-22:00 цагт иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Гэвч 21:00 цагаас хойш, ялангуяа захын хорооллын чиглэлийн автобусууд бараг 20:00 цагаас хойш зорчигч авалгүй парк руугаа марш хийдэг гэж хүмүүс хэлж байна. Тэгвэл тэдний орон зай, цагийг “микрочид” нөхдөг байв. Төрийн албаны ажилтнуудаас бараг бусад нь буюу хувийн хэвшлийнхэн 10-аас дээш цаг ажиллаж байна. Гэтэл тэдний ажил тарах цагаар нийтийн тээврийн үйлчилгээ зогсож таардаг. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагаар явуулах нь зөв хэмээх санал иргэдийн дундаас сонсогдох боллоо.
Тээврийн хэрэгслийн насжилт нь 12 жилээс дээш бол үйлчилгээ эрхлэхийг хориглох шийдвэр энэ сарын 01-нээс хэрэгжиж эхлээд буй. Дээрх үзүүлэлтийн дагуу 45 орчим микро автобус үйлчилгээнд үлдэж, том, дунд оврын автобустай чиглэл давхцуулалгүй иргэдийг тээвэрлэж эхлээд байгаа юм байна. Монголд байгаа микронуудын ихэнх нь 2003 онд үйлдвэрлэсэн байдаг гэнэ. Тэгэхээр энэ оноос тэдгээр микронуудын иргэдэд үйлчлэх эрхийг ийнхүү зосгоож байгаа бөгөөд үүнд байнгын хяналт тавьж байгаа аж. Тиймээс хасагдсан, хасагдаагүй микро автобус үдшийн цагаар ч “нүдний гэм” болжээ.
Ер нь оройн цагаар том оврын автобусыг бага багтаамжтай нь орлож байсан бол одоо бага багтаамжтай автобусыг жижиг тэргүүд орлох болсон. Гэхдээ тэд 1000 төгрөгөөс дээш үнээр үйлчилж байгаа нь нэг талаараа шүүмжлэл дагуулдаг ч иргэдэд өөр сонголт үгүй учир энэ төрлийн бизнес улам өргөжин тэлсээр байгаа билээ. Энэ нь унаагүй болсон иргэдэд болон халтуур хийж байгаа хүмүүст хэрэгтэй ч нөгөө талаар эдийн засаг элгээрээ хэвтсэн хямралын үед биесээ мөлжиж байгаа нэг хэлбэр болж харагдаж байна. Тиймээс энэ асуудлыг зохион байгуулалтад оруулах цаг нь болсон. Үүний тулд үйлчилгээнд гарч байгаа бүх автобусны жолооч нарыг хоёроос дээш ээлжтэй болгох, үйлчилгээний цагийг нэгээс дээш цагаар сунгах нь илүү оновчтой арга зам хэмээн иргэд хэлэлцэж байгаа юм. Бусад улс орны жишгээс харахад шөнийн автобус гэж явдаг байна. Энэ нь иргэдийн аюулгүй байдалд төдийгүй санхүүд ч чухал нөлөөтэй.
Энд бас нэг асуудлыг дурдахад, микроавтобусын үйлчилгээний чиглэл нь ихэвчлэн нийслэлийн захын хороололд хүрч ажилладаг. Холбогдох албаныхан энэ дагуудээрх 45 микро автобусыг зайлшгүй нийтийн тээвэр хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн XXIII, Баянгол дүүргийн XXII хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдийн иргэдэд хүрч, үйлчилнэ гэж мэдэгдэж байгаа юм. Тэгвэл бусад захын хорооллуудын иргэд яах вэ? гэсэн асуут гарч ирж байна.
Уг нь Нийслэлийн Тээврийн газартай хамтран ажилладаг Бага багтаамжийн үйлчилгээ эрхэлдэг тээврийн хэрэгслийн холбооныхон эхний ээлжинд БНХАУ-д үйлдвэрлэсэн 10 автобусыг оруулж ирсэн гэсэн. Микро автобусаар үйлчилдэг байсан алслагдмал хороолол руу тэдгээр автобусаар үйлчилж, улмаар энэ мэтчилэн ээлж дараалан микро автобусыг орлуулах дунд оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ярилцсан гэдэг. Гэвч одоогийн байдлаар дээрх 45 микроавтобус л үйлчилгээнд гарч байгаа аж. Хэрэв дунд оврын автобус алслагдмал хороололд үйлчилвэл эдгээр микроавтобусууд бусад захын чиглэлд болон үдшийн цагаар үйлчлэх боломж бас харагдаж байна.

No comments:

Post a Comment