Thursday, August 25, 2016

“Никель” Ганбаа: Би ирээдүйд эх орондоо суудлын автомашин үйлдвэрлэх болно

image

Монголд нарны энерги, цахилгаанаар явдаг мотоцикль, мопед, дугуйг гадаадаас ямар ч сэлбэг техник авахгүй санаа нийлсэн хэсэг залуус өөрсдийн гараар хийж байна гээд уншигч та бодоод үз дээ. Арай ч үгүй байлгүй дээ, боломжгүй эсвэл Хятадаас сэлбэг авчраад угсарч байгаа биз хэмээн зарим уншигч хардаж магадгүй. Эх орондоо үйлдвэрлэсэн чанар эдэлгээ сайтай мотоцикль, мопед, дугуй ирэх хавар гэхэд хэрэглэгчдийн гар дээр очно. Ингээд бид мопед, дугуй хийдэг үйлдвэрийн цех дээр очиж сурвалжиллаа.
image
Тэдний цех вокзалын чанх урд, хуучнаар мебелийн үйлдвэрийн баруун талд байрладаг аж. Саяхан нэг мопед үйлдвэрлээд дууссан учир багийн гишүүд амарсан байгаа хэмээн олны дунд “никель” Ганбаа нэрээрээ танигдсан Г.Дашням биднийг хүлээж авч уулзахдаа хэлсэн юм. Тэд хоёр хүн суудаг ногоон өнгийн мопед үйлдвэрлэхээр рамыг нь зангидаж, их биеийг нь хэвэнд цутгаад бэлэн болгосон харагдсан.
image
“Никель” Ганбаагийн ирээдүйн зорилго суудлын автомашиныг эх орондоо үйлдвэрлэх. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэрбээр бүх зүйлийг тэгээс нь эхэлж, шантарч болимоор санагдсан олон мөчийг ардаа орхижээ. “Никель” Ганбаа хэн нэгний гарыг харж хойш суулгүй өнөөдрийн энэ амжилтад хүрчээ. Тэрээр энэ зорилгоо биелүүлэхийн тулд хамгийн анх цахилгаанаар явдаг дугуй хийж, дараа нь мопед хийх гэж бүтэн хоёр жилийн турш өдөр, шөнөгүй хөдөлмөрлөсөн аж. Энэ бүхний хүчинд тэрээр асар их туршлага хуримтлуулж өнөөдөр мотоцикль хийж эхэлсэн байна.
image
Монголын шошготой мотоцикль, машин хийхээр зорьж буй залуутай ярилцлаа. Түүнийг Ганбаатарын Дашням гэдэг.
Цахилгаанаар ажилладаг мопед, дугуйг анх хийж эхлэхэд хүндрэлтэй зүйл их тулгарсан байх. Хэдэн оноос хийж эхэлсэн бэ?
Ер нь юм хийж, шинэ санаа гаргаж байгаа нэгнээ муулж, доош нь хийдэг зан манайханд байдаг. Чи ийм зүйлээр оролдож байхаар өөр зүйл хийсэн нь дээр, чи хийж чадахгүй гэж хэлдэг хүмүүс байсан. Гэхдээ шүүмжлэхээсээ урам зориг, сэтгэлийн дэм өгдөг нь олон. Шантарч, сэтгэлээр унах үе байлгүй яахав. Миний ирээдүйн зорилго суудлын автомашиныг эх орондоо үйлдвэрлэх. Мопед, унадаг дугуй хийж эхлэхэд хөрөнгө мөнгө шаардлагатай болно. Энэ бүхэнд найз нөхөд минь л тусалж байсан. Энэ бүх зүйлийг би ганцаараа хийгээд байгаа юм биш. Санаа нийлсэн таван сайхан залуу байна. Би 2010 онд анхныхаа цахилгаан хөдөлгүүртэй дугуйг хийж байлаа.
image
Мопед угсарч, рамыг нь зангидах, их биеийг хэвэнд цутгахаас эхлээд тодорхой хэмжээгээр үйлдвэрлэл явагдана. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, байрны асуудлаа шийдсэн үү?
Бид эхний ээлжинд жижигхэн цехтэй боллоо. Үйлдвэрийн тоног төхөөрөмжөө энэ өвөл өөрсдөө хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Ирэх хавар гэхэд үйлдвэрээ ашиглалтад оруулаад шууд дамжлагатай болгоно. Одоо бид бүх эд ангийг нь гараараа хийж байна. Олноор нь биш хэдхэн ширхэг дугуй, мопедийн хөнгөн цагаан трубаг таслаад, хэлбэрт оруулж гагнахад цех маань хангалттай байгаа. Гэхдээ олноор үйлдвэрлээд эхлэхээр зориулалтын том байр хэрэг болох нь тодорхой.
image
Шууд дамжлагатай үйлдвэр ашиглалтад орвол өдөрт хэдэн мопед үйлдвэрлэх боломжтой вэ. Мотоцикль хийгээд эхэлсэн харагдаж байна?
Харин тийм, энэ өвөл хөдөө замд явах зориулалтай мотоцикль хийж дуусгахаар зүтгэж байна. Хятадад үйлдвэрлэж байгаа мотоциклийг бодвол хамаагүй илүү чанартай нарны зайгаар ажилладаг байх юм. Хятадын мотоцикль үсрээд л нэг жил болоод эвдэрч, эд ангийг нь солиод ч тордлого авахаа больдог. Бидний хийсэн мотоцикль эдэлгээ даах чадвартай шүү гэж баталгаатай хэлмээр байна. Одоо хийчихсэн байгаа мопедийнхоо загвар дээр ч сайн ажиллана. Жаахан нарийхан болгох санаатай, бас тээшний хайрцаг хийнэ. Ер нь хийхээр бодсон зүйл зөндөө байна. Гар аргаар мопед хийвэл өдөрт нэгийг хийж чадна. Харин шууд дамжлагатай болчихвол сард 600-800 мопед үйлдвэрлэнэ.
image
Зах зээлд мопедийг олноор үйлдвэрлээд эхлэхээр сэлбэг, засвар үйлчилгээ шаардлагатай болно.  Ямар үнэтэй борлуулахыг хэрэглэгчид сонирхож байгаа байх?
Мэдээж засвар үйлчилгээний цогц төв нээж ажиллуулна. Мөн дуудлагаар үйлчлэх бодол байна. Одоогийн байдлаар бүх зүйлийг гар аргаар хийж байгаа болохоор харьцангүй үнэтэй байгаа. Олноор нь үйлдвэрлээд ирэхээр үнэ бага зэрэг буух нь мэдээж. Дугуй 800 мянга орчим, мопед, мотоцикль сая төгрөг орчим байна. Үнэтэй сонсогдож байгаа ч хамгийн гол нь баталгаат хугацаа урт, эх орондоо үйлдвэрлэсэн байгальд ээлтэй бүтээгдэхүүн гэдгийг хүмүүс ойгох хэрэгтэй. Зарим хүмүүс надад хэлдэг. “Ингэж махаа идэж байхаар Хятадаас хямд бэлэн бүтээгдэхүүн авчраад зарсан нь дээр” гэж. Миний болон манай багийнхан эх орондоо энэ чиглэлийн үйлдвэртэй болох мөрөөдөл тээж яваа учраас гадны бүтээгдэхүүн авчирч зарж ашиг олох бидэнд сонин биш.
Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ. Дуучин Д.Болдын хэд хэдэн цомгийн зургийг авсан гэж сонссон?
Би ямар нэгэн мэргэжилгүй хүн шүү дээ. Ерөнхий боловсролын сургууль л төгссөн. Өөрийн сонирхолдоо хөтлөгдөөд явж байгаа. Дуучин Д.Болдын бүх цомгийн зургийг авсан.
Мэргэжлийн бус болохоор дугуй, мопед, мотоцикль хийхэд хэцүү байх. Зөвлөгөө авдаг хүн бий юу?
Эверестэд авирсан Г.Өсөхбаярын аав Готовдорж гэдэг хүнтэй байнга холбоотой байдаг. Бид загваруудаа гаргахдаа Готов ахаас зөвлөгөө авдаг. Ер нь иймэрхүү зүйл сонирхож оролддог хүмүүс хоорондоо их хурдан холбогдож амархан ч ойлголцдог. Мэдэхгүй зүйлээ бие биеэсээ асууна. Түүхий эд байхгүй бол авчихна. Хуучин Залуу техникчдийн ордон гэж үнэхээр сайхан ордон байлаа. Би тэр ордонд усан загвараар хэдэн жил хичээллэсэн. Тэр үед сурсан зүйлүүд одоо надад эргээд хэрэг болж байна.

No comments:

Post a Comment